БНХАУ гэр бүл төлөвлөлтийн бодлогоо зөөллөж, 3 хүүхэдтэй болох хосуудыг бодлогоор дэмжихээ мэдэгдлээ
- schedule 2021 оны 6 сарын 1
- chat_bubble 0
Бичсэн: Г.Солонго
Өнөөдөр бол Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. Энэ өдрийг угтан БНХАУ нэгэн томоохон шийдвэр гаргасан нь дэлхий нийтийн анхаарлын төвд байна.
Тодруулбал, БНХАУ гэр бүл төлөвлөлтийн бодлогоо албан ёсоор зөөлрүүлж, гурван хүүхэдтэй болох хүсэлтэй хосуудыг дэмжинэ гэдгээ нийтэд зарлалаа. Энэхүү шийдвэрийг өчигдөр буюу даваа гарагт болсон Хятадын Коммунист Намын Төв Хорооны Улс төрийн товчооны хуралдааны үеэр гаргасан байна.
14-р таван жилийн төлөвлөгөөний (2021-2025) хугацаанд хүн амын хөгшрөлтийг идэвхтэй шийдвэрлэх бодлогын томоохон арга хэмжээ авах асуудлыг уг хуралдааны үеэр хянан хэлэлцсэн аж.
БНХАУ 10 жил тутамд болдог хүн амын тооллогын дүнгээ саяхан танилцуулсныхаа дараа ийнхүү гэр бүл төлөвлөлтийн бодлогоо зөөллөж, гэр бүлүүдэд гурван хүүхэдтэй болохыг зөвшөөрлөө. Хүн амын тооллогын дүнгээс үзвэл, дэлхийн хамгийн олон хүн амтай тус улсад төрөлтийн түвшин тасралтгүй буурсаар буй бөгөөд 1950-аад оноос хойшхи арав арван жилийн мөчлөгийн хугацаанд буюу сүүлийн 10 жилийн хугацаанд тус улсын хүн ам хамгийн бага хувиар өссөн байна.
Хятад улс олон арван жилийн турш хэрэгжүүлж байсан нэг хүүхдийн бодлогоо 2016 онд цуцалж, хоёр хүүхэдтэй болохыг зөвшөөрч байсан билээ. Хоёр хүүхдийн бодлого тодорхой хэмжээний эерэг үр дүнд үзүүлж байгаа боловч тус улсын хүн амын хөгшрөлт сүүлийн жилүүдэд улам гүнзгийрсэн хэвээр байна.
Тиймээс төрөлтийн бодлогыг цаашид илүү оновчтой болгож, гурван хүүхэдтэй болох хүсэлтэй хосуудыг бодлогоор дэмжиж өгснөөр хүн амын бүтцийг сайжруулж, хүн амын хөгшрөлтийг сааруулж, улс орны хүний нөөцийн давуу талыг хадгалж чадна гэж тус улсын эрх баригчид үзжээ.
Гурван хүүхэдтэй болох хосуудыг хэрхэн дэмжих вэ?
Гэр бүл төлөвлөлт, төрөлтийн шинэ бодлогыг дагаж мөрдөж буй гэр бүлүүдийг дэмжих асуудлыг уг хуралдааны үеэр цогцоор нь авч хэлэлцэж, гэрлэлт, хүүхэд төрүүлэх, эцэг эх байх болон боловсрол зэрэгтэй холбоотой асуудлуудыг хэрэгжүүлэхийг төр засгийн бүх шатны байгууллагуудад үүрэг болгожээ.
Гэрлэлтийн насны залуучуудын дунд гэрлэлт болон гэр бүлийн үнэт зүйлсийг ухуулан сурталчлах, үнэтэй сүйн бэлэг шаардах зэрэг гэрлэлттэй холбоотой нийгмийн зохисгүй ёс заншлуудыг зохицуулах, төрөхийн өмнөх болон төрсний дараах үеийн тусламж үйлчилгээ, хүүхэд харах үйлчилгээг сайжруулах, өндөр чанар бүхий боловсролын тэгш байдлаар хангах, гэр бүлийн боловсролын зардлыг бууруулах зэрэг арга хэмжээнүүдийг авахаар төлөвлөсөн байна.
Мөн Засгийн газар нь татвар, орон сууцны бодлогыг сайжруулж, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэх хууль ёсны эрхийг хамгаалах ажээ.
2020 оны эцсийн байдлаар, эх газрын Хятадын хүн ам 1.41178 тэрбумд хүрсэн бөгөөд энэ нь 2010 оны тооллогоос хойш 5.38 хувиар өссөн үзүүлэлт гэж тус улсын Үндэсний статисикийн товчоо энэ сарын сарын дундуур ээлжит хүн амын тооллогын дүнг танилцуулахдаа мэдэгдсэн юм.
Тус улсын нийт хүн амын 18.7 хувийг 60 ба түүнээс дээш насныхан эзэлж буй бөгөөд энэ нь 2010 оныхоос 5.44 хувиар өссөн үзүүлэлт болж байна.
Ашигласан эх сурвалж: https://news.cgtn.com/news/2021-05-31/China-to-support-couples-having-third-child--10Iar0FFjUs/index.html
http://www.xinhuanet.com/english/2021-06/01/c_139981452.htm
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...