ГАЛ УНТРААХ ТЕХНИКИЙН ДАШТ-НД МОНГОЛЫН БАГ ТАМИРЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
- schedule 2021 оны 9 сарын 6
- chat_bubble 0
Гал унтраах техникийн олон төрөлт спортын насанд хүрэгчдийн 16 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Бүгд Найрамдах Казахстан улсын Караганда хотын “Шахтер” цэнгэлдэх хүрээлэнд энэ сарын 2-5-ны өдрүүдэд болж өндөрлөлөө.
Тус тэмцээнд 14 орны 262 тамирчин довтолгооны шат, саадтай 100 метр, 4x100 метрийн буухиа гүйлт, байлдааны тархалт гэсэн дөрвөн төрлөөр өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан юм. Монгол Улсаас ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяраар ахлуулсан баг тамирчид амжилттай оролцож, зургадугаар байрт шалгарлаа.
Мөн багийн ерөнхий дасгалжуулагчаар ГУТОТС-ын холбооны ерөнхийлөгч, бэлтгэгч хурандаа Я.Ишжамц, дасгалжуулагчаар Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн захирагч, хошууч Н.Адъяадорж нар ажилласан бол Довтолгооны шатны төрлийн тэмцээний шүүгчдийн багийн дарга, ерөнхий шүүгчийн орлогч шүүгчээр ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр ажиллалаа.
Тэмцээнд багийн дүнгээр нэгдүгээр байрт Беларусь улсын баг тамирчид, дэд байрт Чех улсын баг тамирчид, гутгаар байрт ОХУ-ын баг тамирчид шалгарлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Ч. НАНДИНЦЭЦЭГ
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...