Дэлхийн хамгийн том техникүүд-1
- schedule 2015 оны 4 сарын 30
- chat_bubble 0
Хамгийн том бульдозер
Дэлхийн хамгийн том /чадалтай/ бульдозер бол Komatsu D575A-3SD.
Японы Комацу компани 1991 оноос энэхүү аварга D575A загварын бульдозеруудыг үйлдвэрлэж байгаа бөгөөд хамгийн том нь Komatsu D575A-3SD юм гэнэ. Супер бульдозер Komatsu D575A-3SD нь 12 цлиндртэй турбо дизель хөдөлгүүртэй ба 96м.куб шороог шилжүүлэх чадалтай гэнэ. Эдгээрийг худалдан авагч нь Австрали, Канад, АНУ-ын уул уурхайн компаниуд байдаг байна.
Дэлхийн хамгийн том /хүнд/ бульдозер бол Acco Dozer
Италийн "Acco" компани 1980 оноос энэхүү аварга ""бульдозеруудыг үйлдвэрлэж байгаа юм гэнэ. Супер бульдозер "Acco Dozer" –ийг Ливид экспортлохоор үйлдвэрлэсэн боловч АНУ болон Европын холбооны тавьсан хоригоос болж нийлүүлэгдээгүй гэнэ. Энэхүү хориг нь Ливийн террорист зорчигч тээврийн нисэх онгоцыг дэлбэлснээс улбаатай.
Хамгийн том грейдэр
Дэлхийн хамгийн том грейдэр бол Acco-Grader юм. Түүнийг Италийн Umberto Acco компани 1980 онд үйлдвэрлэжээ. Түүний түрэгч шанаганы урт нь 33 фут буюу 10.05м. Acco-Grader нь ард хэсэгт байрлах A1000hp чадлын, урд хэсэгтээ байрлах A1000hp чадлын нийт 1700 hp чадлын хоёр хосолсон хүчирхэг хөдөлгүүртэй. Грейдэрийн жин 160 тн. Түүнийг Ливи рүү экспортлох ёстой байсан боловч хориг арга хэмжээний улмаас гэрээ хэрэгжээгүй гэнэ.
Хамгийн том уурхайн өөрөө буулгагч тээвэрлэгч
1. БелАЗ 75710
Өнөө цагт дэлхийн хамгийн том, хамгийн их даацтай уул уурхай өөрөө буулгагч машины дээд амжилтыг 2013 оны намар тогтоосон. Энэ аварга машин бол Беларусийн алдарт "БелАЗ" компанийн "БелАЗ 75710" хэмээх загвар юм. Дэлхийн хамгийн том өөрөө буулгагч буюу уул уурхайн тээвэрлэгч болсон "БелАЗ 75710" машин 450 тн-ын даацтай болсон бөгөөд өмнөх амжилтыг 87 тн-оор давуулсан байна.
Дэлхийн хамгийн том машиныг хийх 644 сая ам.долларын төслийн хүрээнд "БелАЗ 75710" загварын эхний гурвыг хийсэн бөгөөд анхны хэрэглэгч нь Кузбассын уурхай болсон байна. 2014 онд Гиннесийн дээд амжилтын номд бүртгэгджээ.
Хамгийн том “ковш”
Дэлхийн хамгийн том ковш бол LeTourneau L-2350. Үнэ 1.5 сая ам.доллар.
Энэхүү 65 литрийн 16 цлиндр бүхий 2300 морины хүчтэй хөдөлгүүртэй аварга техникийг АНУ-ын хөдөлгөөнт тусгай техник хийдэг “LeTourneau Inc” компани 380-400 тн-ийн даацтай уул уурхайн “белаз”-уудад зориулан хийжээ хийсэн байна. 24 цагийн дотор 4000 литр түлш шатаадаг.
Хамгийн том экскаватор
Дэлхийн хамгийн том экскаватор бол АНУ-ын уул уурхайн техник үйлдвэрлэдэг Терекс корпорацийн хийсэн Terex RH 400 юм. Энэхүү аварга техникийн өөрийн жин нь 1078 тн бөгөөд нэг хутгалтаар 94 тн гаргах /400 тн-ийн машинд 4-5 удаа л хутгаж хийнэ/ чадвартай. Цагт 9900 тн шороо, нүүрс зэргийг ачих чадалтай юм гэнэ. Энэ нь дэлхийн дээд амжилт юм аа. Экскаваторын үнэ 11 сая ам.доллар.
Хамгийн том хөдөлгөөнт кран
Дэлхийн хамгийн том хөдөлгөөнт кран бол - Liebherr LTM 11200-9.1.
Германы Лиебхер группын LTM 11200-9.1 кран бол дэлхийн хамгийн том хөдөлгөөнт /дугуйт/ кран юм. Тэрээр 8 цлиндрийн турбо дизель хөдөлгүүртэй, найм сунадаг хамгийн урт сумтай /126 м үүний 26 м нь төмөр сараалжин залгагддаг/, их даацтай /1200тн/ гэдгээрээ дээд амжилтыг тогтоожээ. Өөрийн урт нь 25 м, өндөр нь 4м. Үнэ 12.5 сая ам.доллар
Хамгийн том нисэх онгоц АН 225 Мрия
Хуучнаар ЗХУ-ын Антоновын зохион бүтээх товчоонд 1980 онуудад зохион бүтээгдсэн ачаа тээврийн онгоц. АН 225 нь АН 124 онгоцон дээр суурилан хийгдсэн, зургаан турбо хөдөлгүүртэй, өөрийн жин 190 тн, нийт жин 640 тн. Зөвхөн ганцханыг хийсэн бөгөөд одоо Укрианын эзэмшилд байгаа. 1988 оны 12 сарын 21-нд анхны нислэгээ хийж байжээ. 1989 онд Парисын, 1990 онд Фамбороугийн айр шоунд оролцож байсан. Хоёр онгоцны захиалга авсан боловч ЗХУ задарснаар биелүүлж чадаагүй гэнэ. Одоо овор ихтэй, хүнд бүхэл ачааг тусгай захиалгаар хүргэдэг. 250 тн ачааг нэг нислэгээр хүргэх чадвартай.
Анхны даалгавар нь 2001 онд 4 танк /нийт жин нь 253.82 тн/ 10,750 м өндөрт, 1,000 км-т 763.2 км/цагийн хурдтайгаар хүргэж байсан байна. Түүнээс хойш маш олон арилжааны нислэг үйлдсэн.
Дэлхийн хамгийн том удирдлагат хутгагч экскаватор Bagger 288
Германы Krupp компани Tagebau Hambach байрлах Rheinbraun нүүрсний уурхайд зориулан 1978 онд бүтээсэн нүүрс малтагч, дамжуулагч экскавотор “Bagger 288” бол хамгийн том хөдлөгч техник юм. Тэрээр 240,000 тн буюу 240,000 м.куб нүүрсийн өдөрт нь гаргана. Энэ нь 60 тн-ийн 4000 вагон буюу 80 вагонтой 50 цуваа гэсэн үг. Түүний урт нь хөлбөмбөгийн талбайтай адил, нийт жин нь 13,500 тн, өндөр нь 96м, урт нь 220м. 16.56 мВт цахилгаан шаарддаг. Минутад 2-10 м буюу 0.1-0.6 км/цагийн хурдтай явдаг/мөлхдөг/ гэнэ. Экскаваторын эргэлдэгч тус бүр нь 6.6 м.куб багтаамæ бүхий 18 шанагатай ба 21.6 м-ийн диаметртэй гэнэ.
“Bagger 288”-ийг 2001 оны хоёрдугаар сард үйлдвэрлэж дуусаад 22 км-т байх ажлын талбар дээр аваачихын тулд 21 өдөр зарцуулж, 15 сая герман маркын зардал гаргаж байжээ.
Krupp компани нь 1958 онд “Bagger 281”, 1975 онд “Bagger 285”, Bagger 287 1976онд, Bagger 293 1995 онд тус тус үйлдвэрлэж байжээ.
Хамгийн том усан онгоц
Нисэх онгоц тээгч хамгийн том хөлөг онгоц
Дэлхийн хамгийн нисэх онгоц тээгч хөлөг онгоц бол АНУ-ын тэнгисийн хүчний USS Enterprise юм.
1958-1961 онуудад үйлдвэрлэж 1962-2012 он хүртэл тэнгисийн цэргийн хүчинд ашиглагдаж байсан. Энэхүү хөлөг нь цөмийн хөдөлгүүртэй.
Урт: 342м, Өргөн: их бие 40.5м, тавцан нь 78.4м, Усан суух өндөр: 12м, Хурд: 33.6 зангилаа буюу 62.2км/цаг, Багтаамж нь: 5,828 /цэрэг офицер, багийн гишүүд, нисэгчид/ хүн, 90 нисэх онгоц% нисдэг тэрэг тээх чадвартай.
Зорчигч тээврийн хамгийн том хөлөг онгоц
Дэлхийн хамгийн том зорчигч тээврийн /аялалын/ хөлөг онгоц бол “MS Allure of the Seas”, “MS Oasis of the Seas” хэмээх нэртэй Америк, Норвегийн “Royal Caribbean International” компанийн хоёр хөлөг юм. Энэхүү тансаг зэрэглэлийн аялалын хөлөг онгоцуудыг 2007 оноос үйлдвэрлэж, 2009 оны 11-р сард бүрэн дуусгаж бэлэн болгожээ. Харин “MS Allure of the Seas” хөлөг 2009 оны 12-р сарын 05-нд анхны аялалдаа гарсан бол “MS Oasis of the Seas” хөлөг нь 12-р сарын 01-нд аялалд гарчээ. Нийт өртөг нь 1.2-1.4 тэрбум ам.доллар болжээ.
Урт: 361.6м, Өргөн: 60.5м, Усан суух өндөр: 9.3м, Нийт өндөр: 72м, Ёроолоос тавцан хүртэлх өндөр 22.5 м, Хурд: 22.6 зангилаа буюу 41.9км/цаг, Багтаамж нь: 5,400 махксимум 6,296 зорчигч, 2,394 багийн болон ажиллагсад, Жин: 225,282 GT, 242,999NT, 15,000DWT
Хуурай нунтаг /bulk/ ачаа тээврийн хамгийн том усан онгоц
Дэлхийн хамгийн том хуурай нунтаг /нүүрс, цемент, хүдэр гэх мэт/ ачаа тээврийн хамгийн том усан онгоц бол “Вале Бразил” хөлөг юм. Бразилийн уул уурхайн хамгийн том компани энэ төрлийн газрын баялаг зөөх зориулалтай Valemax төрлийн 35 хөлөг онгоцтой.
Өмнөд Солонгосын усан онгоц үйлдвэрлэгч Daewoo Shipbuilding & Marine Engineering групп мөн Хятадын дөрвөн компани хамтран 2010-2013 онуудад хийсэн.
Урт: 360-362м, Өргөн: 65м, Усан суух өндөр: 22-23м, Нийт өндөр: 30м, Хурд: 15 зангилаа буюу 28км/цаг, Даац нь: 380,000-400,000 DWT,
Харин “Вале Бразил” хөлөг нь 2010 онд БНСУ-д үйлдвэрлэгдэн 2011 оноос Бразил Хятадын хооронд үйлчилгээнд гарч эхэлжээ.
Урт: 362м, Өргөн: 65м, Усан суух өндөр: 23м, Нийт өндөр: 30.4м, Хурд: 15.4 зангилаа буюу 28.5км/цаг, Даац нь: 198,980 GT, 67.993 NT, 402,347 DWT, багийн 33 гишүүнтэй.
Чингэлэг тээврийн хамгийн том усан онгоц
Данийн Odense Steel Shipyard компанид үйлдвэрлэсэн A. P. Moller-Maersk Group-ийн эзэмшил Е ангилалын хөлөг онгоцууд нь /нийт 8 хөлөг онгоц/ чингэлэг тээврийн хамгийн том хөлөг онгоцууд юм. Emma Maersk, Estelle Maersk, Eleonora Maersk, Ebba Maersk, Evelyn Maersk, Elly Maersk, Edith Maersk, Eugen Maersk.
Эдгээр хөлөг онгоцыг эхнийхийг 2006 оны нэгдүгээр сард уснаа тавьж, наймдугаар сард үйлчилгээнд явж эхэлжээ. Харин найм дахь онгоцоо 2008 онд ашиглалтад оруулсан байна.
Урт: 397м, Өргөн: 56м, Усан суух өндөр: 16.02м, Нийт өндөр: 30м, Хурд: 25.5 зангилаа буюу 47.2км/цаг, Даац нь: 170,791 GT, 55,396 NT, 156,907 DWT,
Энэ хөлөг онгоц маань 14,770+1000 TEU буюу 20 футын 14,770+1000 ширхэг чингэлэг тээх чадалтай /багтаамжтай/.
Гэвч дээрх чингэлэг тээврийн хамгийн том хөлөг онгоцны алдрыг энэ онд ашиглалтад оруулсан Өмнөд Солонгосын Daewoo Shipbuilding & Marine Engineering компанид үйлдвэрлэсэн мөн Maersk Mc-Kinney Moller группын эзэмшил трипл Е ангилалын хөлөг онгоцууд эвджээ. Энэ уртыг нь 1 м-ээр, чингэлэгийн багтаамжийг 2,770 ширхэгээр эвджээ.
Данийн далайн тээврийн Maersk Mc-Kinney Muller компани нь трипл Е ангилалын 20 онгоцны захиалга өгсөн бөгөөд одоогоор дөрвөн онгоц /Maersk Mc-Kinney Moller, Majestic Maersk, Mary Maersk, Marine Maersk/ нь ашиглалтад оруулж, үйлчилгээнд явж эхлээд байна. Эдгээр хөлөг онгоцыг 2013 оны 7-9 сард сард тээвэр хийж эхэлжээ. Нэг онгоцны өртөг дунджаар 190 сая ам.доллар буюу нийт 3.8 тэрбум ам.долларын гэрээг 2011 онд зуржээ. Харин 6 онгоцыг одоо үйлдвэрлэж байгаа бөгөөд 2014 онд дуусах гэнэ.
Урт: 398м, Өргөн: 59м, Усан суух өндөр: 16.02м, Нийт өндөр: 30.3м, Хурд: 23 зангилаа буюу 43км/цаг, Даац нь: 194,849 GT, 79,120 NT, 194,153 DWT,
Энэ хөлөг онгоц маань 18,270 TEU буюу 20 футын 18,270 ширхэг чингэлэг тээх чадалтай /багтаамжтай/. Багийн бүрэлдэхүүн: 19 гишүүн.
Дэлхийн хамгийн том усан онгоц бол газрын тос тээвэрлэгч Монт супертанкер юм. Японы Сумитомо үйлдвэрт 1974-1979 онуудад бүтээгдсэн. Урт нь 458 м буюу Куала Лумпурын Петронас ихэр цамхагтай адил уртай гэсэн үг.
Дэлхийн хамгийн том хөлөг онгоц нь 458.45 м урт, усанд суух гүн нь 24.6м, өргөн нь 68.8м, нийт өндөр нь 29.8м, багтаамж нь 260,941 GT, 214,793 NT, 564,763 DWT, хурд нь 16 зангилаа буюу 30км/цаг.
Энэхүү танкер нь Loki Stream AS (1991–2004), First Olsen Tankers Pte. (2004–2009), Amber Development (2009–2010) компаниудын эзэмшилд Seawise Giant (1979–1989), Happy Giant (1989–1991), Jahre Viking (1991–2004), Knock Nevis (2004–2009), Mont (2009–2010) нэртэйгээр аялж байгаад 2009 онд тээвэр хийхээ зогсоож, 2010 онд ашиглалтаас гарчээ.
Харин одоо ашиглагдаж байгаа хамгийн том танкер хөлөг онгоц
Өмнөд Солонгосын Дэү хөлөг онгоцны үйлдвэрт 2002-2003 онуудад үйлдвэрлэгдсэн TI ангиалын супер танкер онгоцууд юм. Учир нь адил хэмжээний нэг загварын TI Africa, TI Asia, TI Europe- Hellespont Metropolis, TI Oceania- Hellespont Fairfax нэртэй дөрвөн танкер үйлдвэрлэсэн. Тэдгээрээс TI Asia- Hellespont Alhambra, TI Africa- Hellespont Tara одоо ашиглагдаж байгаа гэнэ.
Ti онгоц нь 380 м урт, усанд суух гүн нь 24.5м, өргөн нь 68м, нийт өндөр нь 29.8м, хурд нь 16.5 зангилаа буюу 30.6км/цаг, багтаамж нь 234,006 GT, 162,477 NT /68,917тн/, 441,585 DWT /517,660 тн/, 3,166,353 баррель буюу 503,409,900 литр.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...