Эх орондоо хуванцар хоолой үйлдвэрлэгтүн!
- schedule 2013 оны 7 сарын 7
- chat_bubble 0
16-63 мм хүртэл диаметртэй шугам төрөл бүрийн шугам хоолойг үйлдвэрлэх юм билээ. Хүчдэл 42 kw шаардагдана. Тоног төхөөрөмж өөрөө 4.5 тонн хүнд. Овор хэмжээний тухайд яривал урт нь 20, өргөн нь 18, өндөр нь 2.0 метр. Бүрэн автомат ажиллагаатай үйлдвэр.
Хот хэмээх аварга айлын үүгээр түүгээр халаалтын, цэвэр, бохир усны шугам хоолой хүний биеийн судас шиг хэрж, тасралтгүй амьсгалсаар түмний амьдралыг залгуулах ажээ. Нийслэл хотод маань дулаан дамжуулах 145 хос/км шугам хоолой байдаг аж. Түгээх сүлжээ 230 хос/км-т хүрдэг бөгөөд байшин барилгын дотор биеийн халаалтын шугам сүлжээ 300-гаад км урт гэнэ. Засгийн газрын 1994 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн наймдугаар тогтоолоор, дамжуулах, түгээх шугам сүлжээний наслах хугацааг 33, барилгын дотуур хэрээстэй сүлжээний ашиглалтын хугацааг 21 жилээр тогтоосон юм байна. Гэхдээ сүүлчийнх нь арав гаруйхан жилийн дотор таг суучих тохиолдол ч бий гэнэ.
Бид энэ удаад ямарваа зориулалтын шугам хоолойг хуванцар материалаар үйлдвэрлэх тоног төхөөрөмжийг танилцуулах гэж байна. Зөвлөх инженер Д.Самдангаас энэ төрлийн бүтээгдэхүүний чанар, хэрэглээ, нийлүүлэлтийн талаар асууж тодруулав.
-Зөв угсраад, зүйтэй ашиглавал их сайн шүү. Ийм хоолойгоор 95 градус халуун ус түгээх нь тохиромжтой. Гэтэл манайхан 130 градус хүртэл халуун ус гүйлгээд хайлуулчихдаг тал бий. Өртөг зардлын хувьд төмөр хоолойноос хоёр дахин хямд. Тээвэрлэх, угсрахад ч амар хялбар.
Сүүлийн арваад жилд барьж байгаа барилгуудад бүх төрлийн сүлжээгээ голдуу хуванцар хоолойгоор тавьдаг болсон. Дээр хэлснээр тэр нь заримдаа задраад, усны алдагдал гарна. Зүй нь тийш шугам хоолойг Хятадын Тянжины “Зүүн Азийн техникийн олон улсын зах” дээрээс ч юм уу, үнэ хаялцаж, чанар байдлыг шалгуулан баталгаажуулж байж худалдан авч ирэх байтал манайхан хямдыг бодоод өвөр монголчуудын үйлдвэрлэсэн чанар муутай эдийг Эрээнээс ачаад байх шиг байна гэв. Ярианаас үзвэл хуванцар шугам хоолойг манайхны барилгачид хэдийнэ мэддэг болоод, бараг арваад жил хэрэглэж ирж шүү дээ. Цаашид ийм хэрэгцээ улам л өсөх биз. Тэгнэ гэвэл ийм хоолойнуудыг эх орондоо үйлдвэрлэж яагаад болохгүй гэж. Үндэсний стандартаа гаргаад, захиалагчийн хүссэнээр болон ашиглах зориулалтыг нь бодолцоод төрөл төрлөөр үйлдвэрлэн нэг насны юм хийж болмоор биш үү?
Хуванцар хоолойн давуулаг чанарыг тоочвол их гэнэ. Өртөг зардал хямд, зах зээлд ид эрэлт хэрэгцээтэй болж байгаа, төмөр шиг зэврэхгүй. Адаглаад эргэдэж бооход хялбар, эрэг, боолт нь зэвэнд баригдаж таг гацаад гагнуураар тас татахдаа тулахын зовлонгүй юм байна. Төмөр, зэс, хөнгөн цагаан хоолой шиг их үнэ эзлэхгүй. Зэв хаг дотроос нь шаваад “судас нарийсахгүй”. Дахин солих, засварлахад амархан бөгөөд мэдээж хямд. Засгийн газраас орон сууцны хөтөлбөрт ажлын эд үеэр ийм нэг үйлдвэр олоод ирвэл зах зээлгүйдэхийн зовлонгүй болов уу. Төрөл бүрийн халаалтын жижиг хэрэгслүүд хашаа, байшинтай айлуудад ид нэвтэрч, тэдэнд шугам хоолойны хэрэгцээ тасралтгүй гарсаар байна.
Хэрэв ийм үйлдвэр импортлох юм бол энүүхэн өмнөд хөршөөс түүхий эдийг нь татах, Монголдоо бэлтгэлийн сүлжээ байгуулж чадваас хаягдал хуванцар цуглуулах замаар эх орондоо хуванцрын мөхлөгөө үйлдвэрлэх боломж бий гэнэ. Энэ нь дараагийн ээлжийн асуудал байж мэдэх ч эхнээсээ хөтөлгөө бодолтой явахад юуны буруу. Ойроор нь Хятадаас гээд хэлчихлээ. Химийн үйлдвэрлэл хөгжсөн ОХУ, БНСУ гээд бусад айл зэргэлдээ орнуудаас боломжийн түүхий эд олдож л таарна гэнэ билээ.
”Шугам хоолой чигээр нь импортлоод байвал яасан юм бэ?” хэмээн зарим хүн асууж мэднэ. Эх орондоо хуванцар хоолой үйлдвэрлэхийн давуу талаас ганц нэгийг дээр дурдсан. Түүнээс гадна “Зах зээлийн эргэлтэд тохируулахад амаргүй. Овор хэмжээ их, жин бага учир тээврийн зардал дээр алдагдал үүсч мэднэ. Ихээр нь хамаад ирвэл эргэлтийн хөрөнгө түгжигдэнэ” гэхчилэн ярих хүн байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...