Хөзрийн тоглоом үүссэн түүх
- schedule 2014 оны 11 сарын 27
- chat_bubble 0
Хятадын гарамгай сэтгэгч Чинг Цзе Тунг хэмээх мэргэн хүний толь бичигт айлдсанаар анхны хөзөр 1120 онд Хятадад хийгджээ. Өөр нэг хувилбар нь эртний Египетэд анхны хөзөр гарч ирсэн гэгддэг. Египетүүд хөзрийг тоглоомд хэрэглэдэггүй, харин ирээдүйгээ урьдчилан тааж мэргэлэх хэрэгсэл болгон ашиглаж байжээ. Тэр үед нэг боодол хөзөр 78 ширхэг /мод/-тэй байсан бөгөөд, Египетүүд боодол хөзрийг Аркан гэдэг байжээ.
Европт анхны хөзөр ХI-ХIII зуунд гарч ирсэн бөгөөд, яг энэ цаг үед Дорно зүгт загалмайтны аян дайн болж байлаа. Гэлээ ч гэсэн хөзөр нь европ дахинд хангалттай түргэн хугацаанд тархжээ. Зарим хүмүүс хөзрийг бохир гаралтай гээд газар сайгүй хориглодог байжээ. Францад 1254 онд Гэгээн Людовик хөзөр тоглох явдалтай хатуу тэмцэж байсан тухай мэдээллийг Европт хөзөр дэлгэрсэн тухай анхны эх сурвалж, түүхэн нотолгоо гэж үздэг байна.
Түүнчлэн Европт хөзрийн хамгийн анхны тоглоомыг Тарок гэж нэрлэдэг байсан тухай түүхэн баримт ч байдаг. Энэ тоглоомд Таро хөзрийг ашигладаг байжээ. Таро хөзрийг дэлгэж амжилт, хайр дурлал, сохор азаа үзэх явдал бидний өнөө үед ч хэрэглэгдэж байна: ХII зууныг хүртэл хөзрийн нэгдсэн стандарт байгаагүй аж. Орчин үеийн хөзрийн нэрийн бүрч сонин.
Дөрвөлжин /улаан зүсмийн/ – сэтгэл ханамж, баяр баясгалан, гоо үзэсгэлэн, хойт зүгийн бэлэгдэл болдог байна. Дөрвөлжин нь нинжин сэтгэлийн бэлэг тэмдэг-аяга, цом, зүрх юмуу ном судрын утгыг агуулж байдаг.
Цэцэг /“цэнхэр зүсмийн”/ - энгийн даруу, дэгтэй журамтай байдлын бэлэг тэмдэг гэнэ. Дундад зууны үеийн хөзөрт цэцгийг хус модны үрээр тэмдэглэдэг байсан ба хаяа зөрүүлсэн жад шиг ч байсан аж.
Бунданг зоосон мөнгө, нар, ассан дөлөөр зураглаж “шар зүсмийн” хэмээн нэрлээд, ихэнхдээ гал дөл, дорно зүг буюу оюун ухааны бэлэгдэл болгодог байжээ.
Гэлийг дундад зууны үед заагуур мод, таяг ч юмуу, навчтай модоор тэмдэглэн “ногоон зүсмийн” гэж нэрлэсэн нь амьдралын эрч хүч, хүч тамирын илэрхийлэл, болж, хаврын улирал, усыг бэлэгддэг байжээ.
Өнгөрсөн үеийнхээ бүхий л сайн мууг даван туулж, нэг боодолдоо 72 модтой байсан хөзөр нь өнөө цагт боодолдоо 52 модтой болжээ. Энэ нь ердөө ч тохиолдлын хэрэг биш бөгөөд гол нууцыг нь танд дэлгэе. Жилд хэдэн долоо хоног байдаг билээ?Тийм ээ, 52 шүү дээ! Гайхаж байна уу? Цаашаа бүр ч сонирхолтой гээч. Бүтэн нэг боодол хөзөрт 4 янзын нэртэй модууд байдаг нь нэг жил 4 улиртайг, янз тус бүртээ 13 модтой байдаг нь улирал бүр 13 долоо хоногтойг, нэг янзад багтдаг 13 модны оноонуудын нийлбэр нь 91-тэй тэнцдэг нь улирал бүр 91 хоногтойг, 4 янзад багтдаг моднуудын бүх оноог нийлүүлэхэд 364 болж байгаа нь жилийн бүх хоногоос ганцхан хоног дутаж байна. Учиртай л “дамшиг” юм даа гэж танд бодогдож байна уу?
Я.Жанчив
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...