Дархан хүний бурхан ухаан
- schedule 2016 оны 10 сарын 25
- chat_bubble 0
Бидний Солонго аяллын багийнхан Улаанцав хотын Дөрвөд хошууны гурван сумаар аялж, Өвөр Монголын малчдын амьдрал ахуйтай танилцаад ганзагад дүүрэн буцах замдаа Дөрвөд хошууны төв дээр ажиллаж амьдарч байгаа монголчуудын амьдрал үйлдвэрлэлтэй танилцах боломж олдсон юм.
Соёлын биет бус өв гэж “Хамт олон, бүлэг хүмүүс, зарим тохиолдолд хувь хүмүүс соёлын өвийнхөө бүрэлдэхүүн гэж хүлээн зөвшөөрсөн заншил, зан үйлүүд, дүрслэх болон илэрхийлэх урлаг, арга үйлдлүүд, мэдлэг болон дадал, арга ухаан, ур чадвар, эдгээртэй холбоотой зэмсэг, эд өлгийн зүйлс, урлагийн бүтээл, соёлын орон зайг хэлнэ” гэж тодорхойлсон байдаг. Монгол өв соёлоо дээдлэн хөгжүүлж, өвлөн залгамжилж, бусдад уламжилж, соёлын үрийг тарьж яваа алт мөнгөний дархан хотын зэрэглэлийн уламжлагч Бямбын Сэлнгэтэй хийсэн ярилцлагаа уншигч та бүхэндээ хүргэж байна.
- Сайн байна уу? Сайхан намаржиж байна уу? Нэр алдар, нутаг усаа бидэнд танилцуулна уу?
Миний алдрыг Бямбын Сэлэнгэ гэдэг, Улаанцав хотын Дөрвөд хошуунд ажиллаж амьдарч байна. Алт мөнгөний дархны ажилтай. Миний ааваас дээшээ 2 үеэрээ дархан хүмүүс. Миний хувьд уламжилж авсан. Мөн бага байхын дархны ажилд их сонирхолтой байсан. Бүрэн дунд боловсрол эзэмшээд цааш сургуулийн мөр хөөлгүй 16 настайгаасаа эхлээд дархны ажилдаа орсон.
Дархан Сэлэнгэ
- Алт мөнгөний дархны газрын түүхээс бидэнтэй хуваалцвал?
Манай элэнц аавын үед Улаанцав аймгийн дунд хошууны сүмд хийж байсан гэдэг. Дараа нь өвөг аавын үед одоогийн Дөрвөд хошууны Шар мөрөн суманд гэртээ хийж байсан юм байна лээ. Тэр үед дэлгүүр хоршоо гэж байсангүй. Соёлын хувьсгал таарч нууж хаах, бүр дархны ажлаа хийхгүй хэмжээнд ч хүрч байсан түүхтэй. Сүүлд 70-аад он гараад гэртээ нууцаар бугуйвч, бөгж гэх мэт жижиг сажиг зүйл хийдэг байсан гэдэг. Манай аав сургуулиа төгсөөд гэртээ буцаж очин өвөөтэй хамт дархны ажлаа хийж эхэлсэн байна. Анх гуулиар их юм хийдэг байсан гэдэг. Гуулин халбага, савх, таваг гээд. Эндээс л аавын дархны ур чадвар дээшилж сурмаг болсон гэж ярьдаг. 1986 онд анх үйлдвэрээ байгуулсан. Манайх 1994 оны үед Шар мөрөн сумаас хошууныхаа төвд нүүж ирсэн. Хошууны төвд нүүж ирээд дэлгүүрээ ажиллуулсан. Тэр үед алт мөнгөн эдлэл сонирхох хүн цөөхөн байдаг байлаа. Манай ээж аавыг дагаад бас дархны ажил хийнэ. Аав ээжийнхээ зав чөлөөгүй ажиллаж байгааг хараад 1999 онд дунд сургуулиа төгссөний дараа дархан болохоор шийдсэн. Би өөрөө ч их сонирхдог, зураг бас гайгүй зурдаг байсан болохоор дархны ажил хүнд байгаагүй. Сайн ч хийдэг болсон.
Дархан Бямба гуай
- Таны аав, та өөрөө соёлын өвийн уламжлагчийн хувьд олон шавь хүмүүжүүлсэн биз?
Би өөрөө 2010 онд хотын зэрэглэлийн уламжлагч болсон. Манай аав орны зэрэглэлийн уламжлагч болсон. Аавын шавь нар маш олон бий. Миний хувьд хоёр талаар уламжлан залгамжилж байна. Нэгд шавь хүмүүжүүлж мэддэг чаддагаа монгол залуустаа зааж байгаа. Нөгөө нь өнгөрсөн жилээс эхлэн хошууныхаа Үндэсний дунд сургуулийн монгол хүүхэд багачуудад амралтын өдрийг ашиглаад үдээс хойш хоёр цагийн хичээл ордог. Мөн 2015 онд нийгэмлэг байгуулаад нийгэмлэгээс зохион байгуулалттайгаар амралтын өдөр алт мөнгөн дарх, арьсан урлал, оёдол, ясан сийлбэр гэсэн төрлөөр үдээс хойш мөн хоёр цагийн хичээл орж байгаа.
- Хамгийн холын шавь хаанаас ирж суралцаж байна вэ?
Шилийнгол, Дархан Муумянган гэх мэт маш олон газраас ирж суралцаж байлаа. Одоо суралцаж байгаагаас хамгийн хол нь Алшаагаас ирсэн байна. Мөн манай хошуунд ажиллаж байгаа алт мөнгөний дархнууд манай аавын шавь нар.
- Шавь нараас шантарч байсан тохиолдол байв уу?
Байсан. Нэг залуу анх ирэхдээ чадна сурна гээд ирсэн. Алт мөнгөний дархан хийнэ гэдэг тийм амар ажил биш. Нэг хоёр жилийн дотор сурч амжихгүй, маш их тэвчээр хүч, хичээл зүтгэл хэрэгтэй. Бас эв хэрэгтэй гэдгийг хэлж өгсөн. Хэд хоног хийгээд хаширсан бололтой дахин ирээгүй. Бас нэг удаа хүний захиалгын тулгыг шөнө унталгүй хоёр өдөр дараалан хийсэн. Тэрийг харсан бас нэг шавь залуу маань маргаашаас нь дахин ирээгүй.
Дархан хүний бурхан гараар бүтсэн бүтээл
- Хэлбэр хийцийн хувьд?
Зарим дархан зөвхөн нэг зүйлийг дагнан хийдэг бол манайх монголчуудын эдэлж хэрэглэдэг мөнгө алтны зүйлийг бүгдийг хийдэг. Мөнгөн аяганаас эхлээд монгол хутга, хэт, эмээл, толгойн гоёл гээд бүгдийг л хийнэ. Харин засал чимэглэлийн тал дээр өөрчлөлт хийж арай л амжаагүй байна. Жишээлбэл, сүйхтэй ээмэг зэргийг хуучны уламжлалт арга маягаар хийхэд маш жинтэй болдог. Нэг хос ээмэг бугуйвчны зарим нь бараг 50-60 грамм болдог. Хуучны ихэнх хүмүүсийн чихний омог сэтэрхий, эсвэл сунасан байдаг нь хүнд жинтэй ээмэг зүүдэг байсантай холбоотой. Зарим нь толгой дээгүүрээ тэгнүүртэй зүүдэг байсан гэдэг. Энэхүү эртний сүйхтэй ээмгийг одоогийн зах зээлд хэрэглэгчдийн дунд гаргахын тулд жинтэй хийж болохгүй. Эдэлж хэрэглэх хэрэглэгчгүй болно. Миний хувьд хуучин арга маягийг орхигдуулахгүйгээр урлах арга сүвэгчлээд туршиж байгаа. Одоогоор миний хийсэн сүйхтэй ээмэг хосоороо 10 граммын наантай цаантай болсон. Тиймээс энэ ээмгийг заавал хурим найр, монгол хувцас өмссөн үедээ зүүх биш энгийн үед мөн зүүж хэрэглэх боломжтой болох юм.
Бямба алт мөнгөний дархны газар
- Хэрэглэгчид алт мөнгөн эдлэлээс юуг илүү сонирхож байна вэ?
Манай хошууны хувьд бөгж бугуйвчийг илүү ихээр сонирхдог. Мөнгөн аяга бас их сонирхдог. Манайх нэг жилдээ бараг 1000 орчим аяга хийдэг. Захиалга маш их байдаг. Эмээлийн хувьд бол жилдээ 5 орчим гарч байна.
- Захиалга их байдаг уу?
Захиалга хамгийн их байдаг. Өвөр Монголын хэмжээнд Бугат, Ордос гээд бусад аймаг хотоос зорин ирдэг. Мөн гаднаас бас захиалга орж ирдэг. Япон, Америкаас хүмүүс ирээд бөөнөөр нь хийлгээд аваад явдаг.
- Хятад хүмүүс монгол дархны хийсэн зүйлийг сонирхдог уу?
Өмнө нь нэг их сонирхдоггүй байсан, сүүлийн жилүүдэд их сонирхох болсон. Хамгийн гол нь шүр, оюу, мөнгөний талаар шинэ ойлголттой болсон байна. Арван хэд, 20 орчим насны залуучууд бүр зорьж ирээд мөнгөн бөгж худалдан авдаг. Залуучууд нь хос бөгж их авч зүүх болсон. Эндээс харахад монгол хүний гоёл чимэглэл, уламжлалт зүйлийг зөвхөн хятад хүмүүс гэлгүй олон газрын хүмүүс мэдэрч, таньж эхэлж байгаа нь дархан бидний хувьд сайхан хандлага гэж болно.
- Таны болон аавын тань хүртсэн шагнал урамшуулал маш олон байна л даа. Сүүлийн үед ямар амжилт гаргасан бэ?
Энэ жилийн хувьд 8 муж орны тэмцээнд II зэрэглэл, ордос хотноо зохион байгуулагдсан олон улсын гар уралдаанд 900 бүтээл оролцсоноос миний бүтээл 3-рт орсон.
- Өвөг дээдсээс тань уламжилж ирсэн дархны багаж хэрэгсэл байдаг уу?
Өвөг ааваас уламжлан ирсэн нэг чихтэй дөш бий. Мөн шийгүү, мөнгөн утас татдаг шаваа, цавчуур, аяга мөнгөлдөг оонын эвэр зэрэг л хадгалагдаж байна.
- Таны хамгийн их цаг зарцуулж хийсэн ямар бүтээл байна вэ?
Найман луу сийлсэн хутга байна. Тэрийг хийхэд хагас жил зарцуулсан. Мөн толгойн засал байна. Аавтай хамт хийхэд 7-8 сар болсон. Толгойн засал маш нарийн ажиллагаатай. Гагнуур гэхэд хамгийн багадаа дөрвөн төрлийн гагнуур ашигладаг. Энэ дөрвөн төрлийн гагнуурын градус нь өөр өөр байдаг.
- Сэтгэлд үлдсэн бүтээлийн тань хувьд?
Захиалгаар хийсэн туухай. Нэг хос туухайн дээр 8 луу сийлж, 2 шүр шигтгэсэн бүтээл байлаа. Маш их хөдөлмөр, сэтгэл, цаг зарцуулж хийсэн бүтээл юм. Тэр бүтээлээрээ ч олон шагнал хүртсэн.
Өвөг дээдсээс уламжилж ирсэн багаж
- Дөрвөд нутгийн онцлогтой хээ угалз гэж байдаг уу?
Яг манай нутгийн онцлогтой хээ угалз гэж байдаггүй. Одоо бидний хэрэглэж байгаа хээ угалзнууд бүгд л бидний амьдралын зан дадлага, орчин тойрноос үүссэн өвсөн угалз үүлэн толгой гэх мэт олон бий. Амьтны дүрс оруулна гэвэл дөрвөн хүчтэнг сийлж өгдөг. Бэлгэдэлтэй амьтан гэвэл сарьсан багваахай, луу гэх мэт голлодог. Харин эмээл болон толгойн заслын хувьд нутаг нутгаас шалтгаалаад жаахан зөрөөтэй байдаг тал бий. Гэхдээ нэг ялгаатай нь монгол хүний цохисон луу яг өөдөөс харсан луу байдаг. Хятад хүний цохисон лууны хувьд хажуугаас нь цохисон байдгаараа ялгаатай. Мөн монгол дархан лууг дөрвөн хумстай цохидог бол хятад хүн таван хумстай цохидог. Ерөнхийдөө бугуйвч, ээмэг гэх мэт жижиг зүйл дээр ялгаа зөрүү байдаггүй. Харин дархан хүний багаж жаахан өөр байдаг. Дархан хүн багажаа бүгдийг өөрөө хийдэг. Ямар багаж хэрэгтэй болно түүнийг тэр дор нь өөрөө зохиож хийж гаргадаг. Багаж жаахан өөр болохоор хийж гарсан зүйл нь өөр болдог.
- Морины ясаар хийсэн хуур харагдаж байна?
Шилийнгол аймгийн Хөвөөт шар хошууны сайн найз Оюунбилиг хийсэн ясан сийлбэр юм. Би ясан сийлбэр хийдэггүй. Харин сийлсэн хууран дээр чимэг оруулж, мөнгө шүр, оюу суулгаж байгаа. Арай л дуусаагүй байна даа.
- Ирээдүйн зорилго, төлөвлөгөөний тань талаар сонирхвол?
Алт мөнгөн гоёл чимэглэлээ улам илүү хөгжүүлж, олон олон хүнд уламжилж зааж сургах нь гол байна. Манайх тавдугаар үеийн залгамжлагчаа сонгоод байгаа. Бидний хуучны бодлоор бол заавал өөрийн үр хүүхдэдээ уламжилж зааж үлдээснээ үе залгасан гэж бодож ярьдаг. Гэхдээ одоогийн цаг үед бодисын бус соёлын өвийн хувьд заавал өөрийн хүүхдэдээ биш өөр хүнд залгамжилж болно. Хамгийн гол нь заавал залгах хэрэгтэй байдаг. Миний хувьд өөрийн хүүхдэдээ өвлүүлж залгамжлахад хүрэхэд хүүхэд том болтол 20 жилийн зай байна. Тиймээс энэ 20 жилийг талаар өнгөрүүлэх болоод байдаг. Хоёр жилийг ч талаар өнгөрүүлж болохгүй. Ингээд арав шахам жил суралцаж, сурсан мэдсэн нь ч нэг хэмжээнд хүрсэн шавийгаа тавдугаар үеийн залгамжлагч болгохоор тогтоод байгаа юм.
- Энэ их ажлын хажуугаар цаг зав гарган бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Дамч бурхан таныг ивээх болтугай.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...