”Хятад хэлний үеийн галиг, Монгол хэлээр галиглах журам” гарын авлагын нээлт боллоо
- schedule 2017 оны 6 сарын 15
- chat_bubble 0
Монгол, Хятад хэлний орчлуулагчдын холбооноос зохион байгуулсан “Хятад хэлний үеийн галиг, монгол хэлээр галиглах журам” гарын авлагын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр /2017.06.15/ Мэдээлэл, технологийн үндэсний паркт боллоо.
Энэхүү үйл ажиллагаанд Монгол, хятад хэлний орчуулагчдын холбооны Монгол талын дарга, Хэл бичгийн ухааны доктор, профессор М.Чимэдцэеэ, Монгол, хятад хэлний орчуулагчдын холбооны гүйцэтгэх захирал Л.Баатар, МУБИС-ийн хүндэт профессор Л.Маналжав, Монгол Улсын Орчуулагчдын холбооны гишүүн, МУИС-ийн багш Ш.Эгшиг, БНХАУ-ын Олон улсын радиогийн Улаанбаатар хот дахь төлөөлөгч Сэцэн, МУИС-ШУС-ийн багш, доктор Г.Элдэв-Очир болон тус салбарын бусад төлөөлөгчид, хэвлэл, мэдээллийн төлөөллүүд байлаа.
Тус арга хэмжээг Монгол, хятад хэлний орчуулагчдын холбооны Монгол талын дарга, Хэл бичгийн ухааны доктор, профессор М.Чимэдцэеэ нээж үг хэллээ.
Тэрээр “Хүмүүс өөрийн дураар бичиж, галигладаг, энэ нь нэг мөр болоогүй байсан.
Тиймээс хятад судлалын эрдэмтдийн хамтын хөдөлмөрийн үр дүнд хятад оноосон нэрийг монгол кирил үсгээр хэрхэн галиглахыг нэг мөр болгон журамлаж байна. Хятад улсын дарга Ши Жиньпиний нэрийг өнөөдөр Монголд зургаан янзаар бичиж байх жишээтэй. Хэл шинжлэлийн үндэслэлтэйгээр хятад хэлний газар ус, хүний нэр зэрэг оноосон нэрийг бичих журмыг нэг мөр болгосоноороо энэхүү гарын авлага онцлог юм.
Энэ журмыг Төрийн хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс албан ёсоор баталсан нь Монголд дагаж мөрдөх албан ёсны журам бий болж байна.
Одоогоор энэ журмын дагуу Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба болон ГХЯ-ны ажилтнууд оноосон нэрсийг бичдэг болж байгаа.
Томоохон байгууллагууд ийнхүү үлгэрлэн хэрэгжүүлж байгаа нь Монгол хэлний тухай хуулийг хэрэгжүүлж байгаа сайн хэрэг юм” хэмээлээ.
Мөн Монгол Улсын Орчуулагчдын холбооны гишүүн, МУИС-ийн багш Ш.Эгшиг энэхүү гарын авлагын бүтэц, болон хятад хэлний галигийн онцлогийн талаар ярилаа.
Энэхүү “Хятад хэлний үеийн галиг, монгол хэлээр галиглах журам” гарын авлагыг хэвлэн гаргах болсон шалтгааныг тодруулбал,
Хятад хэлний үе буюу ханз үсгийн дуудлагыг монгол хэлний галиглах нь сүүлийн үед хятад судлаач эрдэмтэд, төрийн байгууллагуудын гадаад албан ажилтан, хэвлэл, мэдээллийн сэтгүүлч нарын тулгамдсан асуудал болсон. Тодруулбал, хятад газар усны нэр, хүний нэр гэх мэт оноосон нэр, хятад үгийг галиглах хэрэгтэй хүн бүрийн боловсролын байдал, хэл эзэмшсэн орчноос шалтгаалан өөр өөрөөр галиглан бичиж, хэрэглэх болсон нь ард түмэнд төдийгүй хятад хэл эзэмшсэн хүмүүсийн дунд ч ойлгомжгүй, тодорхой бус байдлыг үүсгэсэн байна. Үүнтэй холбоотойгоор энэхүү асуудлыг журамлан нэг мягаар галиглаж, тодорхойгүй, олон янзаар галиглаж байгаа байдлыг цэгцлэх зорилготой Монгол, хятад хэлний орчуулагчдын холбоо 2015 оноос энэхүү хятад хэлний үеийг монгол хэлнээ галиглахад шат дараалсан ажил хийж байгаагийн нэг нь энэхүү “Хятад хэлний үеийн галиг, монгол хэлээр галиглах журам” хэмээх энэхүү гарын авлагыг хэвлэн гаргасан юм.
2015 оны гуравдугаар сард болсон холбооны анхны эрдэм шинжилгээний хурлаар хятад хэлний галигийн талаар хэд хэдэн илтгэл хэлэлцүүлсэн байна. Түүнчлэн 2015 оны дөрөвдүгээр сард хятад хэлний үеийг монгол хэлнээ буулган галигладаг нийтээр дагаж мөрдөх галигийг шинэчлэн гаргаж, холбогдох байгууллагуудаар хэлэлцүүлж, улмаар нийтээр дагаж мөрдөх галигийг тогтоох ажлын хэсэг байгуулагджээ.
Энэхүү ажлын хэсэг байгуулагдсанаар юуны өмнө мэргэжлийн байгууллагууд ба энэ хүрээний бүхий л мэргэжилтнүүдийн дунд энэ асуудлыг хэлэлцүүлэх зорилгоор монгол хэлний кирилл үсгээр галигаа хэвлүүлсэн эрдэмтдийн галигийг нэг хүснэгтэнд оруулан харьцуулан үзэх лавлах хүснэгт бэлтгэж, лавлагааг хэвлүүлэн, бүхий л салбарынханд тарааж хэлэлцүүлэх ажлыг хийсэн байна.
Ингэснээр Бээжинд хийсэн галиг, Хэрээд Л.Жамсран, Б.Гэрэлт-Ирээдүй, Г.Билгүүдэй, Ц.Дамдинсүрэн, С.Мөнхсайхан, Д.Идэр, П.А.Кафаровын галиг гэсэн эдгээр олон галигууд нь тухайн хувь хүний мэргэжил боловсрол, эх хэлний мэдлэг, галигийг хийх тухайн цэг үеийн нийгэм, улс төрийн бодлогын тусгал зэрэг олон зүйлээс хамааралтай болсон нь тодорхой болсон байна.
Энэхүү галигийн шинэ хувилбарыг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлэн дүгнэлт гаргуулж, Монгол Улсын Хэлний бодлогын үндэсний зөвлөлд хүргүүлсэн бөгөөд, уг зөвлөлийн 2016 оны есдүгээр сарын 8-ны өдрийн хурлаар батлагдан, улсын хэмжээнд стандартын адил мөрдөгдөх эрхзүйн чадамжтай болоод байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...