13 НАСТАЙ ОХИНЫГ ХҮЧИРХИЙЛСЭН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ГЭМТ ХЭРГИЙН ГОЛ СЭЖИГТЭН НЬ ЦАГДААГИЙНХАН
- schedule 2024 оны 4 сарын 4
- chat_bubble 0
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын дөрвөн албан хаагч 13 настай охиныг нийлж хүчирхийлсэн байж болзошгүй гэмт хэргийг шалгаж байгаа талаар Цагдаагийн ерөнхий газраас өнөөдөр мэдээлэл хийлээ. Олон нийтийн сүлжээгээр нэгэнт ил болсон уг хэрэг үнэн хэрэг дээрээ нэг сарын өмнө гарсан тухай мэдээлэл цацагдаж байна. Цагдаагийн байгууллагын нэр хүнд хэдэн бүтэлгүй нөхдөөс болж шалдаа буулаа. Удирдлагаууд нь ч сандралдаж "Эмзэг мэдээлэл олон нийтэд түгээхгүй байхыг хүсч хохирогчийн амь нас, эрүүл мэнд чухал"-ыг анхааруулж мэдээлэл хийлээ.
ЦЕГ-ын Дотоод хяналт аюулгүй байдлын газрын дарга Цагдаагийн хурандаа Н.Мишигдорж "Цагдаагийн байгууллагын дотоод хяналт, аюулгүй байдлын газар нь хараат бус үйл ажиллагаа явуулдаг нэгж. Насанд хүрээгүй хүнтэй алба хаагчид бэлгийн харилцаанд орсон байж болзошгүй гэх мэдээллийг бид өөрсдийн хяналт шалгалтаар илрүүлж, холбогдох албан шалгалтыг явуулж, гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж Тусгай субьектын гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст харьяаллын дагуу шилжүүлж, одоо мөрдөн шалгах ажил үргэлжилж байна" гэлээ.
Мөрдөн байцаах албаны дарга Цагдаагийн хурандаа П.Очбадрах "Бид заасан журмын дагуу тусгай субьектын гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтэст харьяаллын дагуу шалгаж байна. Хувь хүний халдашгүй байдал, хохирогч, холбогдогч нарын хувийн нууцтай холбоотой асуудлыг нийтэд мэдээлэх боломжгүй" гэж мэдэгдлээ.
Иймээс энэ хэргийн талаарх мэдээллийг хэвлэл мэдээллийн байгууллагууд цензуртэйгээр, тун мэдрэмжтэй хандахгүй бол бидэнд өмнөх гашуун туршлагууд бий. Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-оос гаргасан журмын дагуу бага насны хүүхдийн асуудлыг олон нийтэд түгээхгүй, задруулахгүй байх шаардлагатай." гэлээ.
Хэрэгт холбогдсон цагдаа нарыг албанаас чөлөөлж, албан үүргийг түр хугацаанд түдгэлзүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...