Б.ЖАВХЛАН: ТӨСВИЙН ШИНЭ ТӨСӨЛ ӨМНӨХӨӨС 5.3 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ЗӨРҮҮТЭЙ
- schedule 2024 оны 12 сарын 5
- chat_bubble 0
Сангийн сайд Б.Жавхлан 2025 оны төсөв өргөн барьсантай холбогдуулж дараах мэдээллийг өглөө.
УИХ тогтоол гаргаж, энэ сарын 10-ны дотор 2025 оны улсын төсвийн төслийг УИХ-д өргөн барих үүргийг Засгийн газарт өгсөн. Анх есдүгээр сарын 1-нд энэ төслийг өргөн барьж, хүртээмжтэй хэлэлцүүлгүүд өрнөсөн.
Ерөнхийлөгч эдгээр хэлэлцүүлгийг анхааралтай ажиглаж, олон нийтийн шаардлагад үндэслэн төсвийн төсөлд бүхэлд нь хориг тавьсан. УИХ хоригийг хүлээн авсан тул төслийг дахин боловсрууллаа.Хоригт дурдсан шаардлагуудыг хангасан төсөл боловсруулав.
Шинэ төсөл өмнөхөөс 5.3 их наяд төгрөгийн зөрүүтэй. Үүний 1.7 нь томоохон бүтээн байгуулалтын ажлууд. 3.5 их наяд нь урсгал зардлын өөрчлөлт юм. Урсгал зардал бүрийн цаана хууль, тогтоомж, үйл ажиллагаанууд бий. Цоо шинээр зохиосон, хиймлээр тавьсан зардал нэг ч байдаггүй.
Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын төсөв хамгийн өндөр өсөлттэй байна. 921 тэрбум төгрөгийн урсгал зардал бүр хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилготой юм. Тэтгэврийг инфляцтай уялдуулан ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс 6 хувиар нэмнэ. Үүнд 300 тэрбум төгрөг нэмэлтээр хэрэгтэй.Жил бүр нэмж байхыг хуульд оруулсан тул дахин энэ асуудлыг хөндөх шаардлагагүй болсон. Нийгмийн даатгалын сангийн тэтгэвэр авагчийн тоо өссөн. Энэ зөрүүний улмаас 197 тэрбум төгрөгөөр зардал өссөн.
18 нас хүрсэн хүүхдүүд болон шинээр төрсөн хүүхдийн зөрүү жил бүр 40 мянга байдаг. Энэ хэрээр хүүхдийн мөнгөний зардал өснө.
Төрийн албан хаагчдын цалинг мөн ирэх онд 6 хувиар нэмнэ. Гэхдээ энэ нь хуулийн заалт биш тул хэзээнээс хэрэгжүүлэхийг Засгийн газар шийдэх тул 2025.09.01-нээс нэмнэ. Үүнд 438 тэрбум төгрөг зарцуулна. Ингэснээр нийт цалингийн сан 7 их наяд төгрөгт хүрсэн.
Тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжийн зардал 44 тэрбум төгрөг. Эрчим хүчний үнийг өнгөрсөн сарын 15-наас нэмсэн. Иймд 170 тэрбум төгрөгийн нэмэлт зардал гарна.
Боловсролын салбар өндөр дүн бүхий зардалтай байдаг.215 мянган төрийн албан хаагчийн 80 мянга нь боловсролын салбарт ажилладаг. ХХААХҮЯ-ны энэ оны төсвийн дүн өндөр байна. Цагаан алт, Хүнсний хувьсгал, Шинэ хоршоо гээд гурван том хөтөлбөр хэрэгжүүлнэ.
Төсвийн зардлыг цаашид өсгөхгүй байя гэвэл олон хуулийг өөрчлөх шаардлагатай болно. Хууль батлуулах гэж лобби хийж, зөндөө юм болдог. Үүний уршгаар зардал өссөөр байна."Төр хариуцна" гэсэн зардлууд их байна. Төрийн албан хаагчид 5 жил тутамд 6 сарын нэмэгдэл авдаг. Харин боловсролын салбарт энэ хугацаа 3 жил байдаг. Анх Засгийн газар 5 жил гэж хуулийн төсөлд бичсэн ч УИХ гурван жил болгосон гэв.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...