МОНГОЛ ТЭМЭЭН СОЁЛЫГ ҮЕ УЛАМЖЛАН ХАМГААЛАХ НЬ ЧУХАЛ
- schedule 2024 оны 11 сарын 18
- chat_bubble 0
Олон улсын тэмээний жилийн хүрээнд Ази тивийн сүүний түншлэлийн Нарийн бичгийн дарга нарын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, ЕХ-ны санхүүжүүлж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас хэрэгжүүлсэн “Монгол Улсад тогтвортой хөгжлийн зорилттой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих” төслөөс хамтран “Монгол тэмээ – Тогтвортой хөгжил” үндэсний зөвлөлдөх форумыг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Төрийн ордонд зохион байгууллаа.
Зөвлөлдөх форумын үеэр Монгол Улсын ингэний сүүний салбарыг стратегийн түвшинд тогтвортой хөгжүүлэх зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Ази тивийн сүүний түншлэлийн Нарийн бичгийн дарга нарын газар, Монголын ингэний сүүний кластер ТББ хооронд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Форумд оролцогчид Монгол Улс бол хос бөхт тэмээний гал голомт, өлгий нутаг гэдгийг онцолж, Монгол тэмээн соёлыг үе уламжлан хамгаалах, хүүхэд, өсвөр залуу үе төдийгүй олон нийтэд зөв ойлгуулах, энэ хүрээнд нийгмийн нөлөөллийн ажлуудыг зохион байгуулах, тэмээнээс гаралтай бүх түүхий эд, дайвар, бүтээгдэхүүнийг ашиглах, боловсруулах, тэмээчдийн орлогыг нэмэгдүүлэх, говийн бүс нутгийг хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, худаг ус шинээр гаргах, тэмээний тоо толгойг өсгөх, ботгоны урамшууллыг улс орон даяар олгодог болох, ботгоны болон ингэний сүүний урамшууллын хэмжээг нэмэгдүүлэх, хөдөө орон нутгийн сумдад сургуулийн хүүхдийн үдийн хоол хөтөлбөрт ингэний сүү нийлүүлэх нөхцөл боломж бүрдүүлэх, тэмээг ашиглаж аялал жуулчлал идэвхтэй хөгжүүлэх, тэмээчид нэмэлт орлого олж сайхан амьдрах олон боломж байгаа талаар тус тус яригдлаа. Түүнчлэн улсын аварга тэмээчин, Алтан ботгоны эзэн зэрэг шагналын үнэлэмжийг дээшлүүлэх, дагалдуулж гэр бэлэглэдэг байдлыг өөрчлөх, харин дотоодод болон гадаад улсад туршлага судлах аялалд хамруулах, залуу тэмээчдийг бэлтгэх, дэмжих зэрэг асуудлыг ч хөндөж байлаа. Мөн тэмээний салбарт ажиллаж байгаа мэргэжлийн холбоод, аймаг орон нутаг эв нэгдэлтэй, тэмээтэй аймгууд хоорондоо идэвхтэй хамтран ажиллахын чухлыг хэлж байв.
ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛДӨХ ФОРУМААС ГАРСАН ЗӨВЛӨМЖ
Монгол Улс бол дэлхийн хос бөхт тэмээний гал голомт гэдгийг бататган тунхаглаж, олон улсын хэмжээнд бүх түвшинд сурталчлах;
Хос бөхт тэмээний удмын санг хамгаалах, үүлдэр угсааг байнга сайжруулж ашиг шимийг нэмэгдүүлэх, байгаль цаг уурын өөрчлөлтөд зохицуулан тэмээний аж ахуйг тогтвортой хөгжүүлэх, тоо толгойг тууштай өсгөх, эрүүл мэндийг хамгаалах;
Монгол тэмээн соёлыг хамгаалах, биет болон биет бус соёлыг хойч үедээ өвлүүлэн үлдээх, уламжлалт мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, тэмээний уралдаан, поло болон ардын зан үйлд түшиглэсэн түүх, соёл, байгалийн тусгай зориулалтын аялал жуулчлалыг төрөлжүүлж хөгжүүлэх, олон улсын брэнд бүтээгдэхүүн бий болгох;
Тэмээний бэлчээр, говийн иж бүрэн эко системийг цөлжилтээс хамгаалах, худаг гаргах, усжуулах;
Тэмээчдийн хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, малчдын залуу халааг сургаж бэлтгэх, тэмээчид харилцан туршлага солилцох нөхцөл, боломж бүрдүүлэх, хөдөлмөр хөнгөвчлөх арга ажиллагаа, дэвшилтэт технологи нэвтрүүлэх;
Тэмээ, тэмээнээс гарах түүхий эд, дайвар, бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд бодитой оруулах, үнэ цэнийг өсгөх, тэмээчдийн орлогыг тууштай нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг хангах;
Орон нутагт ингэний сүү боловсруулах жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, сургуулийн хүүхдийн хэрэгцээнд эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ингэний сүү, сүүн бүтээгдэхүүн нийлүүлэх, хүүхдийн эрүүл мэндийн хөгжлийг дэмжих;
Монгол Улсын хос бөхт тэмээний талаар авч хэрэгжүүлэх, урт хугацаанд стратегийн түвшинд тогтвортой хөгжүүлэх бодлого боловсруулах, ирээдүйн хөгжлийг дэмжих эрх зүй, эдийн засгийн таатай орчныг бүрдүүлэх;
Дэлхийн хос бөхт тэмээний холбоог Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод байгуулах өмнөх санаачилгыг дэмжиж, хос бөхт тэмээтэй улс орнууд хоорондын хамтын ажиллагааг өрнүүлэн хөгжүүлэх;
Монгол орны байгаль, цаг уурын өвөрмөц онцлогийг харгалзан тэмээн сүргийн аж ахуй, ингэний сүү, торомны ноосны үйлдвэрлэлийг “Газарзүйн заалт” болон Дэлхийн хөдөө аж ахуйн уламжлалт өв соёлын бүртгэлд бүртгүүлэх;
Тэмээний салбарыг тогтвортой хөгжүүлэхэд чиглэсэн улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаадын шууд хөрөнгө оруулалт, гадаадын хөнгөлөлттэй зээл, тусламжийг нэмэгдүүлэх, олон улсын техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх;
Тэмээний талаар хийгдсэн бүх талын судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг эргэлтэд оруулах, технологийн судалгааг үйлдвэрлэлд нэвтрүүлэх нөхцөл, боломжийг бүрдүүлэх, залуу судлаачдыг бодлогоор бэлтгэх;
Төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хувийн хэвшил, сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, мэргэжлийн холбоод, олон улсын байгууллагын хамтын ажиллагааг тууштай дэмжин хөгжүүлэх;
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...